
Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтийн тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг дэвсгэр бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс гэдгийг танилцуулгын эхэнд онцолсон.
Хоёр улсын Засгийн газарт хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, тээвэр логистикийн салбарыг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж байна. Түүний дотор сүүний кластер, агро хотхон, керамик шил, лифтний үйлдвэрийг байгуулах, манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн Сангийн сайд мэдээлсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.