
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг шалгаж буй ажлын хэсгийн гишүүд ажлаа шуурхайлж, УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Он гарлаа шүү дээ.
Монголынхоо баялгийг үндэстэн дамнасан корпорациудад өгдөг болсон байна. 10 жилийн өмнө Оюу толгой төслийг ярьж эхэлсэн. Одоо уг төслөөс үүдэлтэй муу үр дагаврууд ар, араасаа гарч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг толгой мэдэн 4,4 тэрбум ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурж, Оюу толгой төслийг гадаадынхны талд эргүүлсэн. УИХ-аас ажлын хэсэг томилогдож, 1 тэрбум ам.долларын зөрчил байна гэдгийг тогтоосон ч тоогоогүй. Манай улсын баялгийг барьцаалж авсан 4,4 тэрбум ам.доллар бол бидэнд ямар ч хүртээлгүй болж байна.
Энэ бүх асуудлаар Засгийн газрын хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Гол нь кабинетийн зарчмаар ажиллаж байгаа нөхцөлд тэр бүр ам нээх боломж хязгаарлагдмал байна.
Хамгийн тодорхой жишээ татахад, Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд Монросцветмет нэгдлийн удирдлагаар уул уурхайн чиглэлийн бүрэн чадамжтай менежерийг томилох санал гаргасан.
Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар барьцаанд орчихоод бидний хүсэлтийг хүлээн авахгүй, хичнээн өдөр, сар өнгөрч байна.
Энэ маягаар явбал цаашид Тавантолгой төслийн 51 хувийг төр эзэмшье гэвэл жижиг хувь эзэмшигчид, гадаадын хөрөнгө оруулагчдын аманд нь багтаад явах нь байна шүү дээ."