
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудалд ямар байр сууринаас хандаж байгааг нь сонирхлоо.
-Бурууг бусдаас биш дотроосоо хайх ёстой. Улстөрийн олон намын тогтолцоо төлөвшиж, шинэ шатанд хүрэхийн төлөө явж байгаа гэдэгтэй санал нэг байдаг. Гэхдээ улстөрийн хүчнүүд сонгуулиар төр, засгийн эрх мэдлийг авах гэж ямар ч аргаар хамаагүй бусдыг үгүйсгэдэг. Ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй ахархан үзэл бодол, сэтгэлгээнээс долдугаар сарын 1-ний хэрэг гарсан. Нийгмийг эмх замбараагүй, эмгэнэлт байдалд хүргэж, таван хүний алтан амь эрсэдсэн. Улсад хохирол учруулж, ард түмний сэтгэлд шарх үлдээлээ.
Хуул зүйн үүднээс хэргийг мөрдөн шалгаж, таван хүний аминд хүрсэн буруутныг баталгаа, нотолгоотой тогтоох хэрэгтэй. Ингэж тогтоохгүй байж зөвхөн цагдаагийн удирдлагуудын асуудлыг ярьж болохгүй. Тухайн үед цагдаагийн дарга нар буу бариад гудамжинд зогсоогүй нь тодорхой. Гэтэл яг буу барьж байсан этгээдийг олоогүй байж, цагдаагийн дарга нарт ял тулгаж таарахгүй. Энэ байдлыг эрх мэдлийн шинэ давалгаа гарч байна гэж хэлэхээс өөр арга алга.
-Энэ хэрэг улстөрийн хүрээний асуудал. Улстөрийн хүчин, улстөрчид, өөрсдийгөө улстөрчид гэж нэрлэдэг хүмүүсийн хариуцлагатай холбоотой зүйл шүү дээ. Тухайн үед сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй улстөрчид, улстөрийн намууд хамтарч цуглаан зохион байгуулснаас үүдэлтэй эмгэнэлт үр дагавар гарсан. Тиймээс энэ үйл явдалд оролцсон улстөрчид, улстөрийн намуудын л бодох асуудал. Нөгөө талаас гэмт этгээдийг тогтоосны дараа хэн үүрэг даалгавар өгсөн гэдэг нь яригдах ёстой. Гэтэл өөр зарчмаар асуудалд хандаад байна.
-Цагдаа хүн буудсан нь нотлогдоогүй. Хуул зүйн үүднээс авч үзвэл Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг дахин сэргээж, цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилж байгааг хуулийн дагуу явагдаж байна гэж хэлж болохгүй.