
-Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэж байсан. УИХ-ын чуулганаас дэмжлэг авч чадсан уу?
-Гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс ирэх лхагва гарагт манай дэд хороо хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдана. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Дэд хорооны бүрэлдэхүүнээс гарах гэж байгаа гурван гишүүн “Бидэнд ямар хамаа байх вэ гэж асуудалд бүү хандаарай” гэж би сануулж хэлсэн. Тэгэхээр дахин ирц бүрдэхгүй гэх асуудал үүсэхгүй, лхагва гарагт хуваарийнхаа дагуу хуралдчих байх гэсэн хүлээлттэй байна.
-Ирэх лхагва гарагийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн хөрөнгө, орлого шалтгаангүй өссөн талаар хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Мөн ЖДҮХС-гаас зээл авч, нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Зарим гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ. Хөрөнгө орлого нь хэт өссөн талаар “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс шаардлага ирүүлсэн. Энэ дагуу холбогдох гурван гишүүнд тайлбар ирүүлэх бичиг манай дэд хорооноос явуулсан.
Манай дэд хорооны гишүүдтэй хэд хэдэн удаа уулзсан л даа. Гэтэл хууль дүрэм үзэхээр Ёс зүйн дэд хороо мөрдөн байцаах алба шиг ажиллах ямар ч боломжгүй юм билээ.
-Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйгүй үйлдлийг дэд хороогоор хэлэлцэх юу болсон бэ?
-Ирэх лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Тэд өөрсдөө хурлаа тасалдаг, хоцордог байх ёсгүй. Хурлын дэгийг хатуу мөрдөж, хөрөнгө орлогын хувьд ямар нэг асуудал гаргахгүй үлгэрлэмээр байна шүү дээ.
-Өмнө нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн ёс зүйгүй үйлдлийг хэлэлцэх гээд ирц бүрдээгүй. Одоо хэлэлцэх үү?
Асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаж эхэлсэн учраас хуулиараа энэ асуудлыг одоо хэлэлцэх боломжгүй. Яагаад гэвэл, хууль хяналтынхан шалгаж эхэлсэн бол Ёс зүйн дэд хороо давхар хэлэлцдэггүй юм билээ.