

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ажлын хэсгийн өргөн мэдүүлснээр хэлэлцэх бөгөөд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нар ажиллажээ. Мөн Их Хурлын гишүүнээр удаа дараа сонгогдсон Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, доктор Д.Зүмбэрэллхам, академич С.Нарангэрэл, МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулагдаж ажилласан байна. Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдаж, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан санал, дэд ажлын хэсэгт ажилласан улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай улстөрчид болон эрдэмтэн, судлаачдын зөвлөмж, тодорхой саналуудыг тусгасан төслийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралд танилцуулсан талаар Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд тодотгов.
Улсын Их Хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан, тус хуульд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр баталсан. Дээрх хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, ашиг сонирхлын зөрчил, төсөв зарцуулалт, хөрөнгө орлогын мэдүүлэг, албан томилолт, шагнал, бэлэг дурсгал, сонгуулийн сурталчилгаа зэрэг ёс зүйн шаардлагуудыг тусгасан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Улсын Их Хурлаас 2009 онд баталсан “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг 12 бүлэг, 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулав.
Дүрмийн төслийг Улсын Их Хурлын тухай хуулийн гишүүний бүрэн эрхтэй холбоотой 8 дугаар зүйл, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаатай холбоотой 40, 42, 43 дугаар зүйл, мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хуралдаан дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагатай холбоотой 18 дугаар зүйлд тус тус нийцүүлэн, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгасан.
Түүнчлэн Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилгын асуудлаар чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг сахиулах, гишүүний ёс зүйн асуудлаар иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгалаа.
Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдөр буюу ирэх даваа гаригт “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралд танилцуулсны дараа Байнгын хороог хуралдуулах горимын санал гаргалаа. Тус горимын саналыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, хэлэлцэх асуудлыг хойшлуулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв