
Чуулганд нийт 47 гишүүн буюу ирц 61,8 хувьтай эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байсан МАН бүлгийн 28 гишүүн болон Ардчилсан намын гишүүн Б.Наранхүү нар оролцоогүй.
Тэрээр: “Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлуудыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэж хэллээ.
Ингээд УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асуусан. Гишүүд уул уурхайн асуудлыг цэгцлэх, багшийн цалинг нэмж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй тараах шаардлагатай талаар санал нэгтэй дугарч байлаа.
Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх ОУВС-тай тохирсон тохиролцоог сануулж, эдийн засгийн бололцоогоо харгалзаж үзсэний үндсэнд багш, эмч нарын цалинг шат дараалалтай нэмэх эсэхийг шийднэ гэж хэлсэн юм. Харин яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. Өвөлжилтийн асуудал хаяанд ирсэн учраас төрийн ажлыг тогтвортой байлгах нь чухал. Харин монгол төрийн хууль зөрчсөн, ажлаа хийж чаддаггүй, хариуцлага алдсан төрийн албан хаагч нарын толгойг илэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан намын бүлгээс Оюутолгой зэрэг том төслүүдийг хөдөлгөх, хүүхдийн мөнгийг бүрэн олгох тал дээр гол анхаарлаа хандуулж ажиллах ёстойг анхааруулж байсан юм. Мөн тагнаж, чагнасан гэх асуудлыг нэг тийш нь болгож, ард түмний эргэлзээг арилгах ёстойг УИХ-ын гишүүн Л.Болд санууллаа.

Харин МАН-ын бүлгээс уул уурхайн асуудлыг цэгцэнд нь оруулж, ОУВС-тай хамтарсан хөтөлбөрөө үргэлжлүүлэн үлдсэн гурван жилийн хугацаанд эдийн засгаа сэргээх тал дээр чиглэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүлээж авснаасаа илүү үзүүлэлт сайтай эдийн засаг хүлээлгэж өгч байгааг онцолсон.
Ард түмний дунд хамгийн их асуулт үүсгэж байгаа зүйл бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн. Өмнөх Засгийн газартай адил парламентаас сайд нарыг томилж, давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх эсэхэд УИХ-ын гишүүд ч мөн байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнө нь сайд хийж байсан хүнийг дахин сайдаар томилох шаардлагагүй. Мөн дэд сайдын орон тоог халж, хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай гэсэн санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ард түмэн илтэд дургүйцэж байхад давхар дээлийг нэмэх нь зөв сонголт биш гэсэн юм.
Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх шинэ Засгийн газар УИХ-аас бүрдэхийг үгүйсгэхгүй гэсэн юм. Тэрээр: “Шинээр байгуулах Засгийн газар маань бядтай байгаасай гэж хүсч байна. Асуудлаа шийдэрлэж чаддаг, Ерөнхийлөгч, УИХ-д асуудлаа танилцуулж чаддаг, шийдүүлж чаддаг, хамтран ажиллах чадамжтай тийм хүмүүс ажиллаасай гэж хүсч байна. Тиймээс манай Засгийн газар парламентын Засгийн газар байх болов уу” гэж хариуллаа.
Тамгаа гардан авав
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураасан. Санал хураалтад 47 гишүүн 100 хувиар санал нэгдэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо.
Санал хураалтын дараа шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан.
УИХ-ын чуулганд оролцоогүй гишүүд
Харин чуулганд оролцоогүй, өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй зарим гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ардчилсан намын гишүүдтэй нийлж өмнөх Засгийн газрыг огцруулсан. МАН бүлгийн дотоод асуудлаа шийдэж, эв нэгдлийг хангаагүй гэж үзэж байгаа юм.