

Түр хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаан 10.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, мөн Хууль зүй, дотоод хэрэг, Гадаад харилцаа, Эрүүл мэнд, Зам, тээврийн хөгжил, Уул уурхай, хүнд үйлдвэр, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар нар болон холбогдох бусад байгууллагын удирдлагууд оролцов.

Тэрбээр мөн 2020.11.02-ны байдлаар цар тахал дэлхийн 216 улс, газар нутгийг хамарч нийт 46 сая 860 мянгаас дээш хүн халдвар авч, 1 сая 200 мянга гаруй хүн нас барж, 33 сая 700 мянга гаруй хүн эдгэрсэн. Цар тахлын улмаас 54 улс дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон, 95 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагааг хязгаарласан, 91 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон. Сүүлийн үед халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж, хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэлээ.
Мөн гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авчрах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулснаар хүндэтгэн үзэх 5 шалгуурт /жирэмсэн, өндөр настай, хүүхэдтэй, өвчтэй/ тэнцэх болон нэн хүнд нөхцөлд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс буурсан хэмээв.

Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэдий хэмжээний хөрөнгийг төсвийн захирагч нарын хооронд шилжүүлж, төсвийн зориулалтаас нь өөрөөр буюу халдвартай тэмцэхэд зориулж зарцуулсан талаар, мөн халдвартай тэмцэх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаагүй хүмүүсийг томилж буй талаар тодруулж, гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл ил тод болсон нь төдийлөн ойлгомжтой харагдахгүй байгаа талаар хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон алга байна гээд тусгаарлалтын 21 хоногийг яаж тооцож гаргасан талаар, мөн хандив, тусламжаас даргалах бүрэлдэхүүн бие биенээ урамшуулж буй учир хандив, тусламжийн зарцуулалтын талаар тодрууллаа. Түүнчлэн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн биелэлтийн талаар тодруулж, иргэд амны хаалт хэрэглэх ёстой юу, үгүй юу гэдгийг нэгмөр болгох талаар санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун халдварыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй хүний нэг гэсэн байр сууриа илэрхийлээд өнгөрсөн өвөл манай улсад маш хүнд ханиадны дэгдэлт үүссэн. Ханиадны шинж тэмдэг коронавируст халдварын шинж тэмдэгтэй адилхан байсан.
Халдвартай нь тогтоогдож, эмчлүүлсэн Франц иргэн манай улсад ирээд олон хүнтэй уулзсан, гэтэл халдвар тархаагүй. Монгол хүмүүст ханиадны дархлаа байгаа юм биш биз гээд танин мэдэхүйн талаас хариулт хүсэв. Х.Болорчулуун гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй гэдэг нь тогтоогдсон. Өнгөрсөн оны 12, 1 дүгээр сард дэгдсэн ханиадаар өвчилсөн хүмүүсийн дунд дараа нь эсрэг бие тодорхойлох шинжилгээ хийж тандалт явуулахад эсрэг бие үүсээгүй хариу гарсан.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлогыг хамгаалах чиглэлээр ажлын байр хадгалах, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын арга хэмжээ болон хил, гаалийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Дээрх асуултад Шадар сайд Я.Содбаатар аль болох бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөөд, зарим улстай залгаа хилээ хаасан талаар хариулав.

Тэрбээр мөн халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодисны хүрэлцээ хангамж, халдвартай хүмүүстэй шууд харьцаж байгаа төрийн албан хаагчдад олгох хүнд, хортой нөхцөлийн хөлс, урамшуулал, вакцин гарсан тохиолдолд худалдаж авах гэрээ хэлцэл хийж буй эсэхийг тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан халдвар хамгааллын нэг удаагийн хувцас хэрэглэл, ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа гээд хил, гааль дээр ажиллаж буй нийт албан хаагчдад илүү цагийн хөлс, урамшууллыг олгох ёстой хэмжээгээр нь олгож байна, голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон, өнөөдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авсан, үйлдвэрлэсэн вакцин байхгүй учир худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй гэж хариулсан бол Шадар сайд Я.Содбаатар хүнд, хортой нөхцөлд, голомтод ажиллаж, өвчтэй хүнтэй шууд харьцаж байгаа албан хаагчдад цалин нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, орон сууцанд хамруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар хариулав.

Халдварыг дотооддоо алдвал хэчнээн ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд бэлэн байдлыг хангасан. Хүн амын нэг хувьд тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө ч баталж, практик дээр шалгасан сан гэж хариулав.