
Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, санал сонсохоор тогтсон юм.
Удирдамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-12 ны өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Л.Болд нар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах талаар мэдээлэл цуглуулж, тодорхой санал бэлтгэн Ажлын хэсэгт танилцуулахюм.

Эхлээд гишүүд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрладаг “Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Эко түлш үйлдвэрлэх төсөл”-ийн талаар мэдээлэл сонссон юм.
Тус компанийн ерөнхий захирал К.Өнербек агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд эко түлш, мазут, хий үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа гишүүдэд танилцуулсан.
Тэрбээр “Солонгос улсад бүтээсэн тоног, төхөөрөмжөөр эко түлшээ үйлдвэрлэдэг. Ашигласан түүхий нүүрсний 90 хувь нь хагас кокс болж гардаг технологи одоогоор монголд байхгүй. Иймээс дээрх тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд 33 тэрбум төгрөг шаардлагатай.
Засгийн газраас дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулаад өгвөл эхний ээлжинд хоёр тоног төхөөрөмж оруулж ирээд бусад компаниудтай хамтран шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болно. Түүнчлэн дотоодын дулааны цахилгаан станцуудаа сайн чанарын мазутаар 100 хувь хангадаг болох зорилтыг тавин ажиллаж байна.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй төслийн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа
Төслийн талаарх танилцуулгыг Д.Мөнхжаргал хийсэн юм. Тэрбээр “320 сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Төвлөрлийг сааруулах АХБ-ны төслийн хүрээнд Улаанбаатар хотод 8 дэд төвийг байгуулах юм.
Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 20-30 хувьтай явж байна. Хэдий ажил урагштай явж байгаа ч зарим иргэд газраа хэт өндөр үнэлж, газраа чөлөөлөхгүй байгаа нь асуудал дагуулж байгаа. Одоогийн байдлаар газар чөлөөлөлт 50 гаруй хувьтай байна. 2018-2019 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 14 метрийн өргөнтэй зам тавих, дулаан, цэвэр, бохирын шугаманд холбох ажлыг зуун хувь шийднэ” гэлээ.

Гишүүдийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад дээрх төслүүд чухал ач холбогдолтойг онцлоод ажлаа улам эрчимжүүлж ажиллахыг төслийг хэрэгжүүлэгчдээс хүссэн юм.
Дараа нь гишүүд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм